Saturday, October 29, 2016


Баавгай гэж Баавгайнхан овгийн хөхтөн амьтдыг хэлнэ. Баавгай нь нохой төрхтөн махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй хамгийн ойр төрөл. Хэдийгээр баавгайн одоо байгаа наймхан зүйл байдаг боловч, өргөн тархсан. Тухайлбал Ертөнцийн хойд хагас даяар, өмнөд хагаст хэсэгчлэн тархсан. Баавгай Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Азид тархжээ.
Орчин үеийн баавгайн түгээмэл шинж чанар нь бүдүүн бахим хөл, том бие, урт хоншоор, сэгсгэр үс, эргэж хураагддаггүй таван хумс бүхий тавхайтай, хойд хөл дээрээ босдог, богино сүүлтэй. Цагаан баавгай голдуу мах иддэг бол, аварга хулсны баавгай бараг үргэлж хулсаар хооллодог. Үлдсэн зургаан зүйлийн баавгай нь бүгд холимог идэштэн, тухайлбал ургамал, амьтнаар хооллодог.
Нийлж буй баавгайнууд болон бамбарууштайгаа хамт байх эвшүүдийг эс тооцвол ганц ганцаараа амьдардаг. Өдрийн цагаар идэш хоолоо хайх нь бий боловч, голдуу шөнө буюу үүрээр идэвхтэй байдаг. Сайн үнэрлэх чадвартай, хүнд лагс биетэй, болхидуу боловч, хурдан давхидаг ба юманд авирах буюу сэлэхдээ чадамгай. Намар зарим баавгайн зүйл иссэн жимс ихээр иддэг тул зан төлөвт нь нөлөөлдөг. Баавгай агуй, нүхэнд үүрлэдэг ба ихэнх зүйлийн баавгай өвөл ичдэг.
Балар эртний үеэс баавгайн мах, үсийг авах гэж агнасаар иржээ. Өнөөг хүртэл баавгай хүн төрөлхтний урлаг, домог болон бусад соёлд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Орчин үед амьдрах орчин нь хумигдаж байгаагийн зэрэгцээ, баавгай болон түүний эд эрхтний хууль бус наймаанаас (ялангуяа баавгайн цөсний худалдаа) болж тоо толгой нь хорогдсоор байна. IUCN зургаан зүйлийн баавгайг эмзэг буюу ховор амьтдын жагсаалтад оруулсан бөгөөд ховордоогүй хүрэн баавгай хүртэл зарим улсад устах аюулд ороод байна. Хамгийн ховордсон баавгайн хулгайн ан, олон улсын худалдааг хориглосон боловч зогсохгүй байна.